Захирлын мэндчилгээ
Хүүхдийн хөгжилд 3-6 нас гэдэг бол хамгийн чухал үе нь юм. Энэ үедээ хүүхэд хүрээлэн буй орчныхоо талаар илүү ихийг таньж мэдэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй болсон байдаг. Тийм эрэлт хэрэгцээ үүссэн учраас л тэд хүн бүрийг Яагаад? гэх асуултаараа “булдаг” юм. Тэгээд ч хүний ой тогтоолтын хамгийн оргил үе нь 3-6 насанд ирдэг болохыг эрдэмтэд тогтоосон байгаа.
 
Ингээд сургуульд элсэн суралцах үед хүүхдэд өөрийгөө болон бусдыг таньж мэдэх, хүмүүсийн дунд хэрхэн орших, тэдэнтэй хэрхэн харилцах, хэрхэн иргэншиж нийгэмших талаар илүү ихийг мэдэж авах эрэлт хэрэгцээ үүснэ. Ийм учраас л тэд сургуульд сурах гэж яардаг, бас догдолдог. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ бага ангид сурах хугацаанд нь илүү анхаарал халамж тавьж ирсэн нь бодитой зүйл. Тэр нь ч зөв. Учир нь ерөнхий боловсрол эзэмшихэд бага боловсрол үндэс суурь нь болдог юм. Чанартай бага боловсрол бол хүүхэд цаашид амжилттай суралцах, аз жаргалтай амьдралыг бүтээх баталгаа нь болно. Тэгээд ч бага насны хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө нь улс орны эдийн засагт хамгийн өндөр өгөөжтэйг Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман тодорхойлсон байдаг.
 
Ийм учраас бид чанартай бага боловсролыг эрхэмлэж буй иргэддээ үйлчлэхээр олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаатай нэгэн бага сургуулийг үүсгэн байгууллаа. Таны хүүхэд манай бага сургуульд суралцсанаар хамгийн гол нь аз жаргалтай суралцах нөхцөл боломжоор хангагдахын зэрэгцээ дараах үнэ цэнийг өөртөө цогцлоон бүтээж чадна.
 
Тухайлбал:
  1. Шинжлэх ухааны үндэстэй бодитой мэдлэг
  2. Суралцагчийн амьдралд зайлшгүй шаардлагатай 6 зөв дадал
  3. “Би чадна” гэх итгэл үнэмшил, өөрийн гэсэн үнэ цэн, эрхэм зүйл
  4. Нөхцөл байдлыг зөв үнэлж бодитой шийдвэр гаргах чадвар
  5. Монгол – Англи хос хэлний мэдлэг, чадвар
Та бүхэндээ хичээлийн жилийн халуун мэндийг хүргэе!
 
Сургуулийн захирал: Ц.Хөгжилмаа
НИЙТЭЛСЭН: 2019-02-14 өдөр 17:19:2 цаг